Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь Төрөлхийн уруул тагнайн сэтэрхийтэй төрсөн хүүхдүүдэд баяр баясал, инээд хөөр бэлэглэх зорилгоор 2010 оноос эхлэн ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран ажиллаж, одоогийн байдлаар Төслийн багийнхан алслагдмал 16 аймагт давхардсан тоогоор 26 удаа ажиллаж, тухайн аймгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийгээд байна. Мөн Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэгийн дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг дэмжиж ажилладаг бөгөөд одоогийн байдлаар 19 аймагт эцэг эхийн зөвлөлөө байгуулан хөдөө орон нутгийн эцэг эхчүүдийг сургалт сурталчилгаа болон мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. 2013 оноос эхлэн үйлчилгээний хүрээгээ тэлж ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгаас гадна ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн мэс заслийн тасаг, Бөөрний мэс заслын тасагтай хамтран эмч нарын багийг өргөжүүлж Монгол улс даяар бүх уруул тагнайн эмгэгтэй төрсөн хүүхдүүдийг цогц эмчилгээнд хамруулах, мөн алслагдмал аймгаас нийслэлд хүрэлцэн ирж эмчлүүлэх боломжгүй байгаа бөөр, чих хамар хоолойн өвчлөлтэй хүүхдүүдэд туслах зорилго тавин ажиллаж байна.
[layerslider id=”3″]
Энэхүү төсөл маань 2017 онд Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Орхон аймгуудад хэрэгжиж тус 4 аймгийн хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглээд байна. “ЭХЭМҮТ”-ийн эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч, чих хамар хоолойн тасгийн эмч, унтуулгын эмч, шүдний тасгийн эмч, хэл яриа гажиг заслын эмч, бөөрний тасгийн эмч, сувилагч, тус сангийн нийгмийн ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг тэдгээр аймгуудад хүрэлцэн очиж эрүү нүүр, чих хамар хоолой, бөөрний мэс засал болон хэл яриа засал, гажиг засал эмнэлгийн цогц тусламж үйлчилгээ үзүүллээ. Мөн тухайн аймаг, сумдын эмнэлгийн ажилчдад мэргэжлийн сургалт явуулан батламж гардуулсан.
Хэнтий аймаг /2017.08.01-2017.08.08/
Хэнтий аймгийн хэмжээнд эрүү нүүрний мэс заслын үзлэгт 32 хүүхэд хамрагдсанаас төрөлхийн уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй 31 хүүхдэд хагалгаа хийж, бөөрний эмгэгийн үзлэгт 57 хүүхэд хамрагдсанаас 23 хүүхдэд хагалгаа хийж, шүдний гажиг заслын үзлэгт 106 хүүхэд хамрагдсанаас 16 хүүхдэд шүдний гажиг заслын аппарат зүүж, хэл яриа гажиг заслын үзлэгт 69 хүүхэд хамрагдаж 96 удаагийн хэл ярианы гажиг засалын эмчилгээ хийсэн. Мөн эдгээр эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон витамин олгосон. Тухайн аймгийн 100 эмч, мэргэжилтэнд сургалт явуулсан.
Баянхонгор аймаг /2017.08.14-2018.08.20/
Баянхонгор аймгийн хэмжээнд эрүү нүүрний мэс заслын үзлэгт нийт 33 хүүхэд хамрагдсанаас төрөлхийн уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй 24 хүүхдэд хагалгаа хийж, чих хамар хоолойн үзлэгт нийт 204 хүүхэд хамрагдсанаас 31 хүүхдэд хагалгаа хийж, шүдний гажиг заслын үзлэгт 72 хүүхэд хамрагдсанаас 11 хүүхдэд шүдний гажиг заслын аппарат зүүж, хэл ярианы гажиг заслын үзлэгт 66 хүүхэд хамрагдаж 44 удаагийн , хэл ярианы гажиг заслын эмчилгээ хийсэн. Мөн эдгээр эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон витамин олгосон.
Дорноговь аймаг /2017.09.18-2017.09.23/
Дорноговь аймгийн хэмжээнд эрүү нүүрний мэс заслын үзлэгт нийт 26 хүүхэд хамрагдсанаас төрөлхийн уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй 22 хүүхдэд хагалгаа хийж, чих хамар хоолойн үзлэгт 60 хүүхэд хамрагдсанаас 39 хүүхдэд хагалгаа хийж, шүдний гажиг заслын үзлэгт 56 хүүхэд хамрагдсанаас 14 хүүхдэд аппарат зүүж, хэл яриа гажиг заслын үзлэгт 33 хүүхэд хамрагдаж 38 удаагийн гажиг заслын эмчилгээ хийсэн. Мөн эдгээр эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон витамин олгож. Тухайн аймгийн 100 эмч, мэргэжилтэнд сургалт явуулсан.
Орхон аймаг /2017.10.16-2017.10.21/
Орхон аймгийн хэмжээнд эрүү нүүрний мэс заслын үзлэгт нийт 25 хүүхэд хамрагдсанаас төрөлхийн уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй 16 хүүхдэд хагалгаа хийж, бөөрний эмгэгийн үзлэгт нийт 75 хүүхэд хамрагдсанаас 18 хүүхдэд хагалгаа хийж, шүдний гажиг заслын үзлэгт 42 хүүхэд хамрагдсанаас 15 хүүхдэд аппарат зүүж, хэл яриа гажиг заслын үзлэгт 44 хүүхэд хамрагдаж 40 удаагийн гажиг заслын эмчилгээ хийсэн. Мөн эдгээр эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон витамин олгосон.
Мөн эдгээрээс гадна 2017 онд тус төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төв, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлаж, үйлчилгээний чанарыг сайжруулсан.