Тайваний хүүхдийн сангаас тусламжинд хамрагддаг их дээд сургуулийн оюутнууддаа чиглэсэн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” арга хэмжээ маань 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Одоогийн байдлаар энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор 1735 оюутан оролцож тэтгэлэг аваад байгаа билээ.
2016 оны хувьд тусламжинд хамрагддаг нийт 405 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа. Эдгээрээс сурлагын амжилт, идэвхи чармайлт, хариуцлагатай байдлаараа бусдыгаа тэргүүлсэн 44 оюутныг шалгаруулж 22-т нь сургалтын бүтэн тэтгэлэг, 22-т нь 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгож, бусад 2-4-р курсын оюутан тус бүрт 700,000 төгрөгийн, 1-р курсын оюутан тус бүрт 500,000 төгрөгийн тэтгэлэгийг олгосон.
Тайваний хүүхдийн сангийн зүгээс тэтгэлэгт хамрагдсан нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлагын амжилт хүсэхийн зэрэгцээ оюутан бүрийг ухамсартайгаар хичээн суралцаж, хариуцлагатай байж, ямагт өөрийгөө хөгжүүлж ирээдүйд сайн мэргэжилтэн болж өрх гэрийнхээ аж амьдралд үнэтэй хувь нэмэр оруулаасай хэмээн хүсч байна.
Мөн тэтгэлэг гардуулах арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн Тайпэйн Худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгч Хуан Гүо Рун, Баянзүрх дүүргийн авъяаслаг сурагч Амина, Тайваний хүүхдийн сангийн “авъяаслаг хүүхдийг дэмжих” хөтөлбөрийн оролцогчид /Соло бүжиг/, Тайваний хүүхдийн сангийн дэргэдэх “Монгол хуур” хүүхдийн чуулгын сурагчид, Тайваний хүүхдийн сангийн оюутны сайн дурын багийн гишүүн МУБИС-н 1-р курсын оюутан У.Хонгорзул нарт баярласнаа илэрхийлье.